• ЭГУЦС ашиглалтанд орсноор Монгол улсын эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана.
  • ЭГУЦС Монгол улсын анхны томоохон чадлын усан цахилгаан станц болох юм.
  • 2014 онд ЦЭХ-ний өөрийн өртгөөс 20,92 төгрөгөөр доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулжээ.
  • Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20%-ийг СЭХ-ээр хангах үүрэг хүлээсэн.
  • Төвийн бүсийн нэгдсэн систем 2014 онд импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 25 орчим сая ам.доллар зарцуулжээ.
  • Эрчим хүчний системийн эрэлт, нийлүүлэлт хугацааны эгшин бүрд тэнцвэртэй, тасралтгүй байдаг онцлогтой.
  • Геологи хайгуулын судалгаагаар ЭГУЦС-н далангийн суурийн геологийн нөхцлийг маш сайн гэж тогтоожээ.
  • Монгол улсын засгийн газар 2013 оны 11-р сард ЭГУЦС-ыг барих шийдвэр гаргалаа.
  • Жил ирэх тусам эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зардал өссөөр байна.
  • Эгийн голын УЦС нь Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд байрлана.
  • ЭГУЦС баригдснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх олон боломж нээгдэнэ.
  • УЦС-ын эрчим хүч үйлдвэрлэл нь усан сангийн усны түвшингээс хамаардаг.
  • ЭГУЦС-ын орчимд жилд дунджаар 300-310 мм хур тунадас унадаг.
  • ЭГУЦС-ын орчимд агаарын дундаж температур нь 12-р сард -40 хэм, 7,8-р сард +25 хэм байдаг.
  • ЭГУЦС өвөлд үүсэх мөсний үзэгдлээ зохицуулж чадна.
  • ЭГУЦС-ын орчимд жилийн дундаж салхины хурд 2.3 м/с, харьцангуй чийгшил 72% байдаг.
  • Монгол улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлжээ.
  • Асаалт хийх хугацааны хувьд УЦС 2-5 минут байдаг бол ДЦС-ууд 2-4 цаг байдаг.
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн 2014 оны оргил ачаалал 969 МВт хүрсэн.
  • ЭГУЦС 220кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-аар Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-д холбогдоно.
  • ЭГУЦС жилд 709 мянган тонн CO2 бууруулах болно.
  • 2022 оноос ЭГУЦС-ын жилийн нийлүүлэлт 581 - 2662 сая кВт цаг хооронд хэлбэлзэж болохоор тооцоологдоод байна.
  • ЭГУЦС-ын хамрах талбайгаас 2014 оны Археологийн хайгуул-судалгаагаар 242 эртний дурсгал илрүүлсэн.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-ийн цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ дунджаар 14,47% байна.
  • Эгийн голын орчим 423 зүйлийн ургамал ургадаг.
  • Манай хөрш хоёр улс дэлхийн усны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 5 орны тоонд багтдаг.
  • Тайширын УЦС АУЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 27%-ийг хангаж байна.
  • 1878 онд дэлхийн хамгийн анхны усан цахилгаан станцыг байгуулжээ.
  • Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 20%-г усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг бөгөөд 30 гаруй орнуудын голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг байна.
  • Дөргөний УЦС ББЭХС-ийн эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна.
  • Далан бүхий усан сан нь эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөц болохоос гадна үерийн зохицуулалт, усалгаа, аялал жуулчлал, аж ахуй эрхлэх зорилгоор ашиглагдаж болдог.
  • Усан цахилгаан станц нь насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Эгийн голын УЦС нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
  • Дэлхийн хэмжээнд усан цахилгаан станцын суурилагдсан хүч 1,3 ТВт хүрээд байна.
  • Монгол улс усны эрчим хүчнийхээ нөөцийн дөнгөж 1,6%-ийг л ашиглаж байна.
  • Монгол орны эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ус зүйн нарийвчилсан тооцоолол зэргийг судалсны үндсэн дээр ЭГУЦС-ын суурилагдах хүчин чадлыг 315 МВт байхаар сонгож авсан болно.
  • Эгийн голд 21 зүйлийн загас байдаг.
  • Сэлэнгэ мөрөн дээр төмөр бетон гүүр баригдана.
  • УЦС-ын үндсэн тоноглолын насжилт 30 гаран жил байдаг.
  • Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС)-нд буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүч чадал 1032 МВт болсон.
  • Монгол улсын хэмжээнд 6 дэд станцаар ОХУ-аас, 6 дэд станцаар БНХАУ-аас эрчим хүч импортлон авч байна.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТУУД

  • 1. Төслийн гол ач холбогдол нь юу вэ?
  • 1.1 Эрчим хүчний хувьд

    Өнөөдөр Төвийн эрчим хүчний системийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 92,7%-ийг дан ганц нүүрсээр ажилладаг станцууд, үлдсэн хувийг ОХУ-аас импортоор авч хангадаг; Нүүрсээр ажилладаг станцууд нь суурь горимд ажилладаг тул цахилгаан эрчим хүчний хэрэглээний өөрчлөлтийг дагаж үйлдвэрлэлээ тохируулан богино хугацаанд өөрчлөх чадвар, техникийн боломж хязгаарлагдмал; ОХУ-аас авдаг импортын цахилгаан эрчим хүч нь системийн оргил ачааллыг хааж, системд тохируулагчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд үүнээс хамааралтай байдал улам бүр нэмэгдэх төлөвтэй болж байна. Тухайлбал импортын цахилгаан эрчим хүчийг дамжуулах шугамын техникийн боломж дээд хязгаартаа тулаад байгаа юм; Ахуйн хэрэглээ зонхилсон цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, хоногийн оргил болон бага ачааллын зөрүү өнөөгийн байдлаар 320 МВт хүрч өсөөд байна.

  • 1.2 Байгаль орчны хувьд

    Усны эрчим хүчийг ашигласнаар цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлыг багасгах, ногоон хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж, Байгаль орчинд ээлтэй, цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой; Мөн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, Улаанбаатар, бусад хот суурин газрын агаарт хаягдаж байгаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах онцгой ач холбогдолтой.

  • 1.3 Эдийн засгийн хувьд

    Усны нөөц бүхий байнга сэлгэгдэж байх цэнгэг нуур үүссэнээр цэвэр усны томоохон нөөцтэй болохоос гадна тухайн бүс нутгийн агаарын чийгшлийг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалж, эрчимжсэн газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ; Усан цахилгаан станц байгуулж, томоохон нуур үүссэнээр байгалийн аялал жуулчлал, усан спортыг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж, гадаад, дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг татах, хөгжлийн томоохон төв болж хөгжих бүрэн боломжтой.

  • 2. Усан цахилгаан станц өвөл яаж ажиллах вэ?
  • Өвөл, Зун, Хавар, Намар жилийн 4-н улиралд усан цахилгаан станц ажиллана. Усан сангийн мандалд 1-1.5 метр зузаантай мөсөн бүрхэвч үүсэх боловч ус доогуураа тогтмол урсана. Учир нь усан сан +4 градустай байх ба өвөл мөсний доогуур ажилсаг усны зарцуулга явагдаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ.

  • 3. Хамгийн өндөр нь хэдэн метр далан барьсан байдаг вэ?
  • Одоогийн байдлаар баригдаж ашиглалтад орсон Хятад улсын Жинпин УЦС-ын өндөр нь 305 м байна.

  • 4. Усны хүчээр цахилгаан үйлдвэрлэх нь хэр нийтлэг вэ?
  • 19 дүгээр зуунаас эхэлж усаар цахилгаан үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй улс оронд усаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Дэлхийн хамгийн том 10 цахилгаан станцын 7 нь усан цахилгаан станц байдаг. Хамгийн том нь хөх мөрөн дээр 3 н хавцлын усан цахилгаан станц 22500МВт суурилагдсан хүчин чадалтай. Дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 19.4% (нийт 1060 ГВт, IRENA, 2011), сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн 85%-ийг (IEA, 2012) усан цахилгаан станц хангадаг байна. 2013 онд 40 ГВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцууд шинээр ашиглалтад орж, дэлхийн усны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нийт 1000 ГВт хүрч 4%-аар өссөн байна.

  • 5. Сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэр байдаг, яагаад ус гэж?
  • Системийн хэмжээнд горим тохируулгыг бусад сэгрээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс зөвхөн усан цахилгаан станц хийх чадвартай. Эх үүсвэр болгон өөрийн онцлог, зориулалтын төрөлтэй байдаг. Салхи нь тогвортой бус усан цахилгаан станцын усан сан шиг нөөцлөх боломжгүй байдаг. Системийн Эрэлт болон нийлүүлэлтийн хэлбэлзлийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ үүрэг нь ирээдүйд нэн чухал болно. Учир нь хувьсах сэргээгдэх цахилгаан эрчим хүчний эх үүсвэр (салхи болон нарны цахилгаан эрчим хүч) их хэмжээгээр нэмэгдэж байна. Португали улсын эрчим хүчний 17%-ийг салхин станцаар хангадаг бөгөөд салхин станцын хүчин чадлаа нэмэхийн тулд тэнцвэржүүлэх нийт 1959 МВт суурилуулах хүчин чадалтай усан цахилгаан станцуудыг барьж байна. Мөн адилаар Дани улс эрчим хүчний 24%-ийг салхин станцаар хангадаг бөгөөд усан цахилгаан үйлдвэрлэх боломжгүй. 2014 онд хөрш орон болох Норвегоос 700 МВт усан цахилгаан эрчим хүч дамжуулах өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам барьсан байна. (Эх үүсвэр: Олон улсын эрчим хүчний агентлаг)

  • 6. Тайширын УЦС баригдсанаар Завхан голын ус татарсан гэж ярьдаг манай Эгийн гол, Сэлэнгэ мөрөн яах вэ?
  • Завхан гол дээр баригдсан Тайширын усан цахилгаан станц баригдахаас өмнө, жилийн урсацын дундаж хэмжээ багассан байсан бол далан баригдсанаар далангаас доош урсацын хэмжээ тогтмолжин нэмэгдэх хандлагатай болсон.

  • 7. Ямар улсын технологи ашиглах вэ?
  • Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээл нь TIED буюу тусгайлсан нөхцөлтэй байдаг, ийм тохиолдолд тухайн нөхцөлд зааснаар аль улсаас зээлийн санхүүжилтийг авч байгаагаас шалтгаалж тухайн зээл олгож буй улсын технологийг авч ашиглах магадлал өндөр байдаг.

  • 8. Хэдэн турбин генератор байхаар төлөвлөж байгаа вэ?
  • 68.75 МВт-ын 4 Франсис турбин, 20.5 МВт-ын 2 Франсис турбин, 3 МВт-ын нэг туслах агрегатыг суурилуулна.

  • 9. Чанартай сайныг барьж байгууж чадах уу?
  • Эгийн голын УЦС-ыг чанарын өндөр түвшинд байгуулж чадна. Учир нь Амеркийн болон Европын хамгийн шилдэг стандартуудыг ашиглан байгуулна. Эгийн голын УЦС-ын барилгын болон тоног төхөөрөмжийн гүйцэтгэлээр шалгарсан компани нь аль стандартыг хэрхэн мөрдөх талаар тайлбар ирүүлэх ба энэ нөхцлийг Франц улсын туршлагатай зөвлөх компани шалган саналаа ирүүлнэ. Үүнийг дотоодын мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн хянуулж батлуулсны дараа барилгын болон тоног төхөөрөмжийн сонголт, угсралт туршилтыг ажлыг гүйцэтгэнэ. Дараа нь техникийн, ажлын, улсын коммиссуудаар дэс дараалан оруулж батлуулна.

  • 10. Нийт хэдэн жил баригдах вэ?
  • Шинэчилсэн техник, эдийин засгийн үндэслэлээр Эгийн голын УЦС-ын далан болон станцын барилгын ажлыг 3 жилд дуусгах ба 2.5 дахь жилээс барилгын ажилтай зэрэгцээ усан сангийн дүүргэлтийг эхлүүлж өнгөрсөн 54 жилийн ус зүй, цаг уурын тооцолол дээр үндэслэн төслийн зөвлөх компани 2 жилийн хугацаанд дүүргэнэ гэж тооцоолсон. Эгийн голын УЦС нь барилгын ажил эхэлснээс хойш 4.5 жилийн дараа бүрэн хүчин чадлаараа ажиллаж Төвийн бүсийн нэгдсэн системд жилд дунджаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүлнэ.

  • 11. Авто зам, гүүр болон цахилгаан дамжуулах агаарын шугам хэзээ баригдах вэ?
  • Эгийн голын УЦС-ын урьдчилсан шатны ажил болох 71.9 км авто зам, 320у/м төмөр бетон гүүр, 72.3 км 2 хэлхээ 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын ажлыг тоног төхөөрөмж, барилгын материалыг аюулгүй, саадгүй тээвэрлэх мөн барилгын ажилд шаардлагатай барилгын үеийн цахилгаан хангамжийг хангахын тулд төслийн үндсэн барилгын ажлын өмнө барих шаардлагатай. Төслийн урьдчилсан шатны ажлыг 2015 онд эхлүүлнэ.

  • 12. Усан цахилгаан станцыг хэдэн жилийн турш ашиглах бэ?
  • Дэлхийн хэмжээнд хамгийн удаан ашиглагдаж буй усан цахилгаан станц нь 100 гаруй жилийн настай байна. Олон улсын жишгээр 60 жил гэж үздэг бөгөөд манай төслийн хувьд 50 жилээр тооцож үр ашгаа өгнө гэсэн тооцоо байгаа.

  • 13. Далан барих үед голыг хаах уу?
  • Ус хаагдахгүй, далангийн барилгын шатанд голын урсгалын чиглэлийг түр шилжүүлэн урсгана.

  • 14. Усны шинж чанарт өөрчлөлт орох уу?
  • Усан цахилгаан станц нь усны чанарт нөлөөлөхгүй, усны уналт урсгалыг ашиглаж ба хүрд/турбин эргүүлж эрчим хүч гаргаж авдаг. Барилгын явцад богино хугацааны өөрчлөлт орох боловч хяналт шинжилгээний ажлыг урьдчлан төлөвлөсөн байна.

  • 15. Станц барих гүйцэтгэгч сонгогдсон уу?
  • Эгийн голын УЦС-ын өмнөх Техник, Эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) 1992-1995 онуудад буюу 21 жилийн өмнө хийгдсэн. Иймд одоогийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэх ажил хийгдсэн. Иймээс холбогдох бичиг баримт дээр үндэслэн санхүүжилтийн асуудал шийдэгдэнэ. Үүний дараагаар гүйцэтгэгчийг сонгох ажил эхэлнэ.

  • 16. Үйлдвэрлэсэн цахилгааныг хэн хэрэглэх вэ?
  • Эгийн голын УЦС нь жилд дунджаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг Төвийн бүсийн нэгдсэн системийн нийлүүлэх бөгөөд өвлийн оргил ачааллын горим тохируулгыг хийхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар Төвийн бүсийн нэгдсэн систем нь нийт 452169 айл өрх болон аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. (Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд 2014 он)

  • 17. Монголд баригдаж байсан усан цахилгаан станцууд одоогоор хэрхэн ажиллаж байна вэ?
  • Өндөр өртөгтэй дизель хэрэглэж, цахилгааны хязгаарлалттай байсан Завхан, Говь-Алтай аймгуудыг Тайширын УЦС, дан ганц импортын эрчим хүчээр хангагдаж байсан баруун 3 аймгийг Дөргөн УЦС тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ, өмнө үйлдвэрлэж байсан дизелийн өртөг, импортын өртгөөр бодож үзвэл өртгөө нөхсөн төслүүд юм. Дөргөний УЦС нь жилийн дундаж үйлдвэрлэл нь 38 сая кВт.цаг боловч 2014 онд 42 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэсэн. Энэ нь хүч чадлаа бүрэн ашиглаж чадаж байгааг харуулж байгаа. Тайширын УЦС-ын хувьд Завхан гол нь Шар усны гол, Хар усны гол, Буянт голоос тэжээгддэг боловч уул уурхайн үйл ажиллагаанаас болоод үндсэндээ зөвхөн Буянт голоос тэжээгдэж байгаа ч Тайширын УЦС нь жилдээ дунджаар 20 орчим сая кВт.цаг цахилгааныг Алтай-Улиастайн эрчим хүчний системд нийлүүлж байна. Хамгийн гол нь 2 станц нь жилийн 4 улиралд тасралтгүй ажилладаг. Одоогоор хамгийн цэвэр болон хямд цахилгаан эрчим хүчийг нийлүүлж байна.

  • 18. Эгийн голын УЦС-ын эзэмшлийн бүтэц ямар байх вэ?
  • Эгийн голын УЦС нь 100% төрийн өмчит байна.

  • 19. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих боломжтой юу?
  • Хувийн хэвшлийн оролцоотой барьсан тохиолдолд санхүүгийн зардал өсөх зэргээс шалтгаалан эрчим хүчний тариф өндөр байх шаардлагатай болно. Болох хэдийч төвийн бүсийн нэгдсэн эрчим хүчний системийн зохицуулалтын гол станц учраас ажиллах горим н 5.7 тэрбум куб.м цэвэр усны нөөцийг гадны хувийн компанид урт хугацаагаар (30-40 жил) өгөх нь улсын аюулгүй байдалд эрсдэлтэй алхам болно.

  • 20. Усан цахилгаан станц баригдсанаар Байгальд орчинд ямар нөлөө үзүүлэх вэ?
  • Эгийн голын УЦС нь нь Байгальд ээлтэй төсөл юм. Монгол Улсын эрчим хүчний системийн хувьд 96% нь түүхий нүүрс шатаан жилд дунджаар 8,4 сая тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд хаядаг. Эгийн голын УЦС ашиглалтанд орсноор жилд дунджаар 709 мян. тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой ба далан баригдснаар нийт 5,7 тэрбум цэвэр усны нөөц бүхий усан сан шинээр үүсэх ба орчны чийгшил нэмэгдэн уур амьсгал зөөлөрнө. Үүнтэй холбоотойгоор тухайн нутаг орчимд нүүдэллэн ирдэг усны шувуудын тоо толгой нэмэгдэн амьдрах таатай орчин бүрдэх эерэг нөлөөтэй. Мөн усан сан үүссэнээр тухай нөхцөлд дасан зохицсон загасны аж ахуй эрхлэж улмаар загасны тоо толгой, зүйл нэмэгдэх эерэг нөлөөтэй. Далангийн барилгын шатанд түр хугацаанд газар шорооны ажилтай холбоотойгоор дуу чимээ нэмэгдэх, зэрлэг ан амьтад дайжих зэрэг сөрөг нөлөөлөл үүсэх боловч тухай гарч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, зөвлөмжүүд, Байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг цаг тухайд нь мэргэжлийн түвшинд авч хэрэгжүүлснээр Байгаль орчинд нөлөөлөл багатайгаар уг төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

  • 21. Ус багасах, загас устана гэж зарим хүмүүс яриад байдаг. Энэ үнэн үү?
  • Загас хамгаалах болон судлах ажилд төслийн нэгжээс ихээхэн анхаарал тавьж байгаа. Энэ ажлын хүрээнд 2014 оны 4-р сард НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Загас өнгөрүүлэх байгууламж, улс орнуудын туршлага” сэдэвт олон улсын семинарыг амжилттай зохион байгуулсан. Загасны тоо толгойн хувьд өөрчлөлт орохгүй бөгөөд загас амьдрах боломжтой газар руу шилжих болно. Усан сан үүссэнээр загасны аж ахуй эрхлэн загасны тоо толгойг нэмэгдүүлэх, загасны судалгаа, нүүдэл, амьдрах орчныг олон жил тасралтгүй судлах эерэг нөлөөтэй байна. Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д загас өнгөрүүлэх байгууламжийг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа. Худал, харин ч нуур үүссэнээр загасны тоо толгой өсдөг гэдгийг Говь-Алтай аймгийн Тайширын УЦС-ын жишээнээс харах боломжтой.

  • 22. Тул загасыг яаж хамгаалах вэ?
  • Төслийн нэгж байгуулагдсан цагаасаа эхлэн загас болон усны амьтдын амьдрах орчныг хамгаалах тал дээр онцгой анхааран 2014 оноос судалгааны ажлыг хийж эхлүүлсэн. Судалгааны ажлыг Эг-Үүрийн голд судалгаа явуулж байсан туршлагатай “Байгаль хамгаалах Монголын Тул сан” ТББ-ын судалгааны багаар гүйцэтгүүлж байна. Энэхүү судалгааны хүрээнд загас өнгөрүүлэх байгууламжийн зураг төсөл, Тул загасыг үржүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.

  • 23. Археологийн олдворуудыг яах вэ?
  • Түүх, соёлын дурсгал, түүний авран хамгаалах судалгаанд төслийн нэгжээс ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. 2014 оны 4-р сард ШУА-ийн Археологийн хүрээлэн, ШУТИС болон Улаанбаатар сургуулиудын археологийн тэнхмийн судлаачид төслийн талбарт хайгуул судалгаа хийж, 376 дурсгал илрүүлсэн юм. Эдгээр дурсгалыг 2014-2015 онуудад Монгол Улсад археологийн авран хамгаалах чиглэлээр судалгаа явуулдаг бүх байгууллагууд болох ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Үндэсний музей, ШУТИС, Улаанбаатар сургуулийн археологийн тэнхимийн судлаачид бүрэн авран хамгаалж дуусгахаар төлөвлөж байна. Өнгөрсөн онд 210 орчим дурсгалыг дээрх багууд орон нутгийн иргэдийн төлөөллийн хамт авран хамгаалж, олдсон дурсгалуудаар 2014 оны 11-р сард Үндэсний музейд үзэсгэлэн зохион байгуулж, олон нийтэд танилцуулсан. Энэ онд үлдсэн 166 дурсгалыг авран хамгаалсанаар Эгийн голын түүх, соёлын авран хамгаалах судалгаа бүрэн дуусна. Малтлага судалгаагаар илрүүлсэн археологийн олдворуудыг төсөл хэрэгжих орон нутагт музей байгуулан хадгалахаар төлөвлөж байна.

  • 24. Мод, бут сөөгийг ашиглаж болох уу?
  • Мод, бут, сөөгийг ашиглахдаа “Ойн тухай” хууль, журамд нийцүүлэн зүй зохистой ашиглаж, нөхөн сэргээх ажлыг хийнэ. Төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэх үед зайлшгүй тайрах модыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн ажлын байр бий болгосноор орон нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулж тэдний амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилготой юм. Ашигласан хэмжээгээр ойг нөхөн сэргээж ойжуулалтыг хийнэ.

  • 25. Усан сан дүүргэх хугацаанд голын урсацад хэрхэн нөлөөлөх вэ?
  • Эгийн голын УЦС-ын далангийн барилгын ажил 3.5 жил, усан сан дүүргэлтийн хугацаа 2 жил, далангийн барилгын ажил болон усан сан дүүргэлт үндсэндээ зэрэг явагдана. 2016 онд далангийн барилгын ажил эхэлж 2019 онд усан сангийн дүүргэлт дуусаж 2020 оны өвөл бүрэн хүчин чадлаараа Төвийн бүсийн оргил ачааллын хэрэглээг хааж оролцоно. Усан сан дүүргэх явцад голын урсацыг хаахгүй, экологийн урсац урсадгаараа урсана. Усан сан дүүргэлтийн тооцоололыг Франц улсын Трактебел инженеринг (GDF Suez) компани ус багатай 3 жил, ус ихтэй 3 жил, дунд устай 3 жил дараалан тохиолдох үеийн тооцоололыг боловсруулсан. Ус ихтэй жил төлөвлөснөөс илүү хурдан, ус багатай болон дундаж устай жилүүдэд тооцолсон хугацаанд усан сангаа дүүргэнэ.

  • 26. Голын урсац ямар түвшинд байгаа вэ?
  • Ус зүй, цаг уурын сүүлийн 54 жилийн мэдээллийг Ус, цаг уур орчны хүрээлэнгээс авч Франц улсын Трактебел инженеринг (GDF Suez) компани тооцоололыг боловсруулж Эгийн голын жилийн дундаж урсац 103м3/с гэж тооцсон бөгөөд 20 жилийн өмнө 95м3/с байснаас өссөн байна.

  • 27. Төслийн талбарт буй Хантай багийг нүүлгэн суурьшуулах ажил хэзээ эхлэх вэ?
  • Хантай багийн иргэдийг нүүлгэн суурьшуулах ажлыг 2016 оноос эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нүүлгэн суурьшуулалтын ажил эхлэхээс өмнө шинэ байрлалд Ерөнхий төлөвлөгөө, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон Газрын чанарын улсын хянан баталгаа хийгдэх болно.

  • 28. Төслийн санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?
  • БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр Монгол Улсын засгийн газар 3 дугаар сарын 9-нд шийдвэрлэсэн бөгөөд одоогоор Засгийн газар хоорондын хэлэлцээрийн шатанд явж байна.

  • 29. Төслийн нийт ӨРТГИЙГ хэрхэн тооцоолсон бэ?
  • Төслийн зөвлөх “Трактебел Инженеринг” компани төслийн нийт өртгийг 827,6 сая ам.доллар гэж тооцоолсон. Ингэхдээ Эгийн голын УЦС төсөлтэй ижил төстэй нөхцөлтэй төслүүдийн өртгийг харьцуулан төслийн өртөг дундаж гэж тодорхойлсон. Олон Улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас сүүлийн жилүүдэд баригдсан УЦС-уудын өртөг дээр үндэслэн гаргасан судалгаагаар дэлхийн томоохон УЦС-ын өртөг нь газар зүйн байршил, дэд бүтэц, аль улсад баригдсан зэргээс шалтгаалан 1 МВт-ын дундаж өртөг US$2,000,000 – US$ 4,000,000 хооронд хэлбэлздэг гэсэн тооцоо гарсан байна. Эгийн голын УЦС-ын 1 МВт-ын нэгж өртөг нь Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн тооцооллоор US$2,600,000 гэж гарсан нь олон улсын жишгийн дагуу хийгдсэн тооцоолол болно. Мөн Монгол Улсад баригдаж байсан Эгийн голын УЦС-ын далантай ижил технологитой Тайширын УЦС-ын 2009 оны өртөгтэй харьцуулахад Эгийн голын УЦС-ын нийт өртөг 1 тэрбум 113 сая ам.доллар болохоор байна. Усан цахилгаан станцын өртөгийг тухайн нутаг дэвсгэрийн цаг агаар, геологийн нөхцөл байдал, газар хөдлөл чичирхийлэл, далангийн ухлагийн гүн, эзэлхүүн, Байгальийн тогтоц, тээврийн нөхцөл, дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гүйцэтгэлийн гэрээний төрөл гэх мэт маш олон хүчин зүйлээс хамаар ч дэлхий дахинд өөр өөр байдаг. Тиймээс Дэлхийн жишгээр УЦС-ын өртгийг хооронд нь суурьлагдах хүчин чадлаар харьцуулдаггүй. Харьцуулалт хийх шаардлагатай тохиолдолд Байгальийн тогтоцын хувьд ижил төстэй нөхцөлтэй (жишээ нь далан барих газрын хөрсний, ул чулуулгийн зузаанаас шалтгаалан төслийн өртөг 20-30 хувь хэлбэлздэг), ажлын тоо хэмжээ ойролцоо далангуудтай харьцуулан үздэг. Төслийн өртгийн судалгааны үнэн зөв байдалтай холбоотой асуултууд өмнө гарч байсан тул төслийн нэгжийн хүсэлтийн дагуу төслийн зөвлөх “Трактебел Инженеринг” компани Эгийн голын УЦС-ын өртгийг сүүлийн 2 жилд өөрийн ажилласан ижил төстэй нөхцөлтэй УЦС-уудын өртөгтэй харьцуулсан судалгаа хийсэн. Судалгаанд Эгийн голын УЦС төслийн өртөг дундаж хэмжээнд байгаа гэж дүгнэсэн.

  • 30. 827 сая долларыг хэдий хугацаанд яаж төлөхүү?
  • Эгийн голын УЦС нь 20 жилийн хугацаанд жилд 606 сая кВт.цаг үйлдвэрлэх эрчим хүчний ашгаар нөхөх тооцоог Франц улсын Трактебел Инженеринг (GDF Suez) төслийн зөвлөх компанийн эдийн засагчид хийсэн. Мөн төслийн нийт өртөгт төсөл хөгжүүлэх зардал болох Чингис бондын санхүүжилтийг эргэн төлөх зардал багтсан болно.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
  • Эгийн голын УЦС-ын далан баригдах газар нь
    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрладаг.
УСАН САН
  • Усан сангийн хэвийн түвшин
    д.т.д 910 м
  • Усан сангийн эзэлхүүн
    5.7 тэрбум м3
  • Усан сангийн толион талбай
    154.3 км2
ДАЛАН
  • Далангийн хярын дээд түвшин
    д.т.д 913 м
  • Далангийн хярын өргөн
    8 м
  • Далангийн хярын урт
    740 м
  • Газраас дээш далангийн өндөр
    82 м
  • Далангийн эзэлхүүн
    2.29 сая м3
СТАНЦЫН БАРИЛГА
  • Суурилуулах хүчин чадал
    315 МВт
  • Жилийн дундаж цахилгаан үйлдвэрлэл
    606 сая кВт.цаг
  • Турбин
    Франсис 4 x 68.75МВт, 2 x 20.5МВт, 1 x 3МВт
ТӨСЛИЙН ДЭД БҮТЭЦ
  • Төслийн талбараас Эрдэнэт дэд станц хүртэл
    72.3 км урт 2 хэлхээ 220 кВ-ын ЦДАШ
  • Төслийн талбараас Эрдэнэт хот хүртэл
    71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320м урттай төмөр бетон гүүр
Дээш очих