Мэдээлэл

УЦС ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛАХАД ТОМ ҮҮРЭГТЭЙ

Эгийн голын усан цахилгаан станц барих тухай яриа гараад олон жилийн нүүр үзэж байна. Хөрөнгө оруулалтын асуудлыг нь гаднын зээл тусламжаар шийдэхээр боллоо хэмээгээд төслийн нэгжийг төрийн өмчит компани болгон зохион байгуулж судалгаа шинжилгээ, зураг төслийн гээд чамгүй их ажил өрнөсөн ч цаасан дээрх цахилгаан станц хэзээ амилж, улс орны хөгжилд хүч нэмэх юм бол гэдгийг хүмүүс байнга сонирхож байдаг. Тиймээс үүнийг тодруулахаар “Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Отгонсүхэд хандсан юм.
Тэрбээр Булган аймгийн нутагт буюу Эрдэнэтээс 71 км, Сэлэнгийн бэлчрээс 22.5 км зайд босох Эгийн голын усан цахилгаан станцыг зайлшгүй барих шаардлагын тухай:
-Өнөөдөр Төвийн эрчим хүчний системийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 92,7 хувийг дан ганц нүүрсээр ажилладаг станцууд хангаж, үлдэх хувийг ОХУ-аас импортоор авч байна. Гэтэл нүүрсээр ажилладаг станцууд нь суурь горимд ажилладаг учраас цахилгаан эрчим хүчний хэрэглээний өөрчлөлтийг дагаж үйлдвэрлэлээ тохируулан богино хугацаанд өөрчлөх чадвар, техникийн боломж хязгаарлагдмал. Мөн ОХУ-аас авдаг импортын цахилгаан эрчим хүч нь системийн оргил ачааллыг хааж, системд тохируулагчийн үүргийг л гүйцэтгэдэг ч үүнээс хамааралтай байдал улам бүр нэмэгдэх төлөвтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Оросоос авч байгаа импортын цахилгаан эрчим хүчийг дамжуулах шугамын техникийн боломж дээд хязгаартаа тулаад байна. Ахуйн хэрэглээ зонхилсон цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, хоногийн оргил болон бага ачааллын үеийн зөрүү өнөөдрийн байдлаар 320 МВт хүрсэн. Энэ мэт олон шалтгааны улмаас Эгийн голын усан цахилгаан станцыг барих зайлшгүй шаардлага байгаа юм.
-Усан цахилгаан станц байгаль экологид ямар нэг сөрөг нөлөөтэй юу?

-Усны эрчим хүчийг ашигласнаар цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлыг багасгах, ногоон хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж, байгаль орчинд ээлтэй, цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Мөн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, Улаанбаатар болон бусад хот суурин газрын агаарт хаягдаж байгаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах онцгой ач холбогдолтой.
-Гэхдээ манайх шиг гадаргын усны нөөц арвин биш улсад уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх таатай биш шийдэл гэж ярих юм билээ?
-Усан цахилгаан станц ашиглалтад орсноор усны нөөц бүхий байнга сэлгэгдэж байх цэнгэг нуур үүснэ. Ингэснээр цэвэр усны томоохон нөөцтэй болохоос гадна тухайн бүс нутгийн агаарын чийгшлийг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалж, эрчимжсэн газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ. Усан цахилгаан станц байгуулж, томоохон нуур үүссэнээр байгалийн аялал жуулчлал, усан спортыг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж, гадаад, дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг татах, хөгжлийн томоохон төв болж хөгжих бүрэн боломжтой.
Түүнээс гадна дэлхийн дулаарлын нэг буруутан болоод байгаа хүлэмжийн хийг бууруулах том ач холбогдолтой юм. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц болон Киотогийн протоколын дагуу хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах нь усан цахилгаан станцын гол зорилго. Уг конвенцэд Монгол Улс нэгдэн орсон бөгөөд гол шалгуур нь байгаль орчны шаардлагад нийцсэн зорилт буюу нүүрстөрөгчийн ялгаралтаас зайлсхийсэн хэмжээ, мөн төслийн үргэлжлэх хугацаанд нэг ГВт.ц эрчим хүч үйлдвэрлэхэд хэдий хэмжээний нүүрстөрөгчийн ялгаралтаас зайлсхийснээр тодорхойлогддог. Жилд бууруулах нүүрстөрөгчийн ялгаруулалтыг үнэлэхэд 709 мянган тонн гэж гарсан байгаа.
-Олон улсын гэрээ, конвенцээр хүлээсэн үүргээ биелүүлж хүлэмжийн хийг бууруулсан тохиолдолд тодорхой хэмжээний урамшуулал авах тухай заалт байдаг. Манайд тийм боломж бий юу?
-Бидний барихаар төлөвлөж байгаа Эгийн голын УЦС -ыг ашиглалтад оруулснаар бууруулах нүүрсхүчлийн хийн хэмжээнд олон улсын байгууллага, өндөр хөгжилтэй орнуудаас урамшуулал авах талаар судалж үзсэн. Монголд өмнө нь хэрэгжсэн төслүүдийн жишгээр хүлэмжийн хийн тонн тутамд 4,0 еврогийн урамшуулалтай борлуулахаар тооцвол жилд 2,8 сая еврогийн орлого олж болох юм.
-Эдийн засаг талаасаа ч, байгаль экологи талаасаа ч ийм ач холбогдолтой төслийг юу гацаагаад байна вэ?
-Төслийн хувьд Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, тендерийн бүх бичиг баримтыг бүрдүүлээд төслийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Байгаль орчин, тэр дундаа Байгаль нуурт нөлөөлөх нөлөөллийн судалгааг хийх, санал солилцох Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан уулзалтыг хийлээ. Оросын талаас Байгаль нуурт нөлөөлнө гэдэг өнцгөөс хараад байгаа нь төслийг эхлүүлэхэд саад учруулаад байгаа юм.
-Байгаль нуурт үзүүлэх нөлөөлөл нь тийм өндөр юм уу?
-Усан сан бүрдүүлэхэд гурван жил шаардагдах бөгөөд энэ хугацаанд нуурын усанд 0.023 хувь нөлөөлнө гэж тооцоолсон. Энэ бол маш бага түвшин. Усан сан бүрдүүлэх хугацааг л давчих юм бол буцаад нуурын түвшин хэвийн хэмжээндээ орчих юм. Байгаль нуурын дээр байрлах Хөвсгөлийн мөнх цэвдэг хайлаад дуусах гэж байна. Цаг агаар дулаарч дэлхий нийтээр усаа ашиглая, усан сантай болъё, усны нөөцөө бүрдүүлье гэж зарим нь дайн хүртэл хийж байна. Гэтэл манайх ямар ч усны нөөцгүй хэр нь байгаа усаа оросуудад зүгээр өгч байгаа нь шударга биш шүү дээ. Тиймээс ядахдаа турбинаар эргүүлээд доошоо асгая гэхэд тэд эсэргүүцээд, асуудал үүсгээд байгаа нь шударга бус зүйл биз дээ.


                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа