Мэдээлэл

ОХУ-ын талд мэдээлэл өгөх уулзалт боллоо.

2016 оны 5 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд “Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим усан цахилгаан станц, усны барилга байгууламжийн төслүүдийн талаар ОХУ-д мэдээлэл өгөх уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.Уулзалтын зорилго нь хойд хөрштэйгээ ус, усны эрчим хүчний асуудлаар харилцан ойлголцох, цаашид хамтран ажиллах явдал байлаа. Уулзалтад ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам, Эрчим хүчний яам, Оросын Сибирийн болон Буриадын салбарын шинжлэх ухааны төв, Енисей голын сав газрын усны удирдах газар, ЭСЯ-ны төлөөлөл зэрэг зохих албаны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Манай талаас ЭХЯ, ГХЯ, БОНХАЖЯ-ны төлөөлөл, салбарын эрдэмтэн доктор, судлаачид, төслийн ажилтнууд оролцсоны дээр Шүрэн УЦС, Орхон-говь усан сангийн цогцолбор төслийн зарим судалгааны ажлыг санхүүжүүлж буй Дэлхийн банк, Эгийн голын УЦС төслийн инженерингийн зөвлөх Франц улсын “Трактебел инженеринг” компанийн захирал, мэргэжилтэн, ЭГУЦС төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэж эхэлсэн БНХАУ-ын СиЖиЖиСи компанийн төлөөлөл, Монгол Улс дахь тус улсын ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга зэрэг өргөн бүрэлдэхүүнийг хамарлаа. Уулзалтаар Шүрэн, Орхон-говь, Эгийн голын УЦС төслүүд танилцуулагдсан бөгөөд 1964-1965 онд ЗХУ-ын Энергосетыпроект институтээс Монголд судалгаа явуулж, 28 байршилд УЦС байгуулж болно гэсэн дүгнэлт гарсны дотор эдгээр төслүүд тусгагдаж байжээ. Эгийн голын УЦС-ын төслийг БНХАУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс санхүүжүүлэхээр хоёр тал тохиролцоод байгаа билээ.

Уулзалтын явцад манай тал 9 илтгэл танилцуулга хийж, Оросын талаас гарсан бүх асуултад бүрэн хариулт өгсөнд тэд сэтгэл ханамжтай байлаа. Уулзалтаас Хамтарсан протокол байгуулж, хоёр тал “Байгал нуурын экосистемд сөрөг нөлөөлөл (байгаль орчинд үзүүлэх ямар нэг үлэмж хэмжээний хортой үр дагавар) үзүүлж болзошгүй аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй байхаар тохиролцов. Түүнчлэн Протоколд тусгагдсан нэгэн чухал асуудал бол “Өөрийн нутаг дэвсгэр дээрх усны нөөцийг хамгаалах, ашиглах асуудлыг бие даан шийдвэрлэх Монголын талын эрхийг хүндэтгэж, Эгийн голын УЦС төсөл болон урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессын гүйцэтгэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай Монголын талын мэдэгдлийг Оросын тал анхааран хүлээн авсан тухай” заалт юм.

Ийнхүү харилцан ойлголцлын уур амьсгалд болсон энэхүү уулзалтын хамтарсан протоколыг ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад албан ёсоор гардуулан өгнө.

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа