Мэдээлэл

Монгол Улсад хэрэгжүүлэхээр судлаж буй төслүүдийн байгаль орчин

Буриад улсын нутаг дэвсгэрт 2017 оны 3-р сарын 20-31-ний өдрүүдэд зохион байгуулсан нийт 11 удаагийн олон нийтийн хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн  засаг захиргааны байгууллагуудыг төлөөлсөн 1300 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийг БНБУ-ын Байгалийн нөөцийн яамны дэмжлэгтэйгээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжээс Буриад улсын Наушк, Улаан-Үд, Тарбагатай, Горячинск, Усть-Баргузин, Турунтаево, Кабанск, Северо-Байкальск, Гусино-Озерск, Нижнеангарск зэрэг хот, тосгон, суурин газруудад зохион байгууллаа. Монголын талаас Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, МИНИС төсөл, Шүрэнгийн УЦС, Орхон говь төслийн экспертийн баг, ДБ-ны төлөөлөгчид зэрэг нийт 30 орчим хүн оролцов.

Хэлэлцүүлгүүд нь  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр судлаж буй “Шүрэнгийн Усан цахилгаан станц” болон “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслүүдийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ) , Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ) –ний Ажлын даалгаврын төслийг төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй Буриадын ард иргэдийн дунд хэлэлцүүлэх, тэдний санал, зөвлөмжийг хүлээн авах зорилготой зохион байгуулагдсан.

Хэлэлцүүлгүүд нь ОХУ-ын олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулахтай холбогдох хууль тогтоомж болон Дэлхийн банкны бодлогын дагуу ил тод, нээлттэй явагдсан болно. ОХУ-ын хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцүүлэг хийгдэхээс 30 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон төслийн вэб хуудсаар зарыг түгээж орос хэл дээрх хэлэлцүүлгийн материалыг орон нутгийн засаг захиргааны байр, номын сангуудаар дамжуулан иргэдэд урьдчилан хүргүүлсэн.  Урьдчилан тараасан материалууд дотор ажлын даалгаврын төсөл, техникийн болон техникийн бус хураангуй, бусад товхимолууд багтсан.

 

Хэлэлцүүлэгт Монгол улсын эрчим хүч болон усны салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн  баг оролцож, тухайн төслүүдийн зорилго, үндэслэл, урьдчилсан судалгааны ажлын үр дүн,  хүлээгдэж буй байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааны ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн.

Хэлэлцүүлгийн явцад ард иргэдийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуулт тавих боломжоор хангасан  бөгөөд оролцсон иргэдийн хувьд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний усны түвшин буурах, үүнээс үүдэлтэйгээр  амьжиргааны эх үүсвэр болсон загасны тоо толгой буурах, худгийн усны түвшин буурч, тариалан эрхлэх боломж хомсдох зэрэг асуудлуудад хамгийн ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан. Мөн зарим иргэд хаврын шар усны үерийн улмаас голын хөндий үерлэх эрсдэлтэй байдгийг сануулахын зэрэгцээ төслүүдийг эсэргүүцэж байгаагаа мөн мэдэгдэж байв.

Хэлэлцүүлгүүдээс гарсан санал зөвлөмжүүд дотор БНБОҮ-ээг тусдаа ажлын даалгаврын дагуу хийх, БНБОҮ-ний хүрээнд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлж болзошгүй нөлөөлөл, Сэлэнгэ мөрний сав газар хэрэгжих магадлалтай бүх төслүүдийн хуримтлагдах нөлөөллийг цогц байдлаар үнэлэх, эрчим хүч болон ус хангамжийн эх үүсвэрийн бусад боломжит хувилбаруудыг харьцуулан судлах  зэрэг саналууд  багтаж байв. Хэлэлцүүлгийн явцад хүлээн авсан санал зөвлөмжид дүгнэлт хийж, боломжит саналуудыг БНБОҮ/ БОННҮ-ний ажлын даалгаварын төсөлд тусгах байдлаар ажлын даалгаврыг шинэчлэн сайжруулна. Саналуудыг тусгасан, эсвэл тусгаагүй үндэслэлийг тайлбарласан хариултын хүснэгтийг шинэчилсэн ажлын даалгаврын  хамт төслийн вэб хуудасд байршуулж, олон нийтэд нээлттэй болгоно. Иргэд, олон нийт Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн цахим хуудас болон шуудан, Буриадын орон нутгийн засаг захиргаа болон номын сангуудаар дамжуулан ажлын даалгаврын төслүүдэд нэмэлт санал, зөвлөмжийг хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаас хойш 30 хоногийн турш ирүүлэх боломжтой. Хэлэлцүүлгүүдийн үр дүнд шинэчилсэн ажлын даалгаврын дагуу хийгдэх судалгааны хүрээнд Монгол улс болон ОХУ-ын холбогдох газар нутгийг хамруулан төслүүдээс үзүүлж болох бүх төрлийн нөлөөллийг судлах бөгөөд  үүний дотор Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлэх нөлөөллийг судлана. Судалгаа хийгдэх явцад үнэлгээний тайлангийн төслийг хэлэлцүүлэх зорилгоор олон нийтийн нэмэлт хэлэцүүлгүүдийг зохион байгуулна. Эдгээр судалгааны ажлуудыг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл нь дэд бүтцийн төслүүдийг   боломжит хөрөнгө оруулалтад бэлтгэхийн тулд олон улсын стандартад нийцсэн судалгааны ажлуудыг хийж, дотоодын чадавхийг бэхжүүлэхэд Монгол улсад туслалцаа үзүүлдэг бөгөөд энэ хүрээнд зөвхөн техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний судалгааны ажлуудыг санхүүжүүлдэг юм. Харин төслүүдийг санхүүжүүлдэггүй болно. Шүрэнгийн УЦС-ын төсөл: Энэхүү төлөвлөж буй төсөл нь Сэлэнгэ мөрөн дээр боомт барьж,  ус хуримтлуулах сан байгуулах замаар Монгол Улсыг тогтвортой болон найдвартай  эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах болон Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилтуудыг агуулж буй юм. Төсөл хэрэгжих байршил нь Монгол улсын хилээс 125 км, Байгаль нуураас 360 гаруй км зайд оршино. Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл: Энэхүү төлөвлөж буй төсөл нь Орхон гол дээр боомт барьж, ус хуримтлуулах замаар Монгол орны Өмнөд бүсийн ус хангамж, уул уурхайн үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хангах, ингэснээр Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Төсөл хэрэгжих байршил нь Монгол улсын хилээс 30 гаруй км, Байгаль нуураас 700 гаруй км зайд оршино. Орхон гол нь Сэлэнгэ мөрний цутгал гол бөгөөд цааш Байгаль нуурт цутгадаг. Нийгмийн зөвөлгөөний үр дүнг нэгтгэн дүгнэсэн хуралдаанд оролцогсод дараах АСУУДЛЫГ ШИЙДЭВ.

1.Шүрэнгийн УЦС-ын болон Орхон гол дээрх урсац тохируулга хийх усан сан байгуулах төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон бүс нутгийн экологийн үнэлгээ боловсруулах техникийн ажлын даалгаврын талаар хийсэн хэлэлцүүлэг нь Оросын Холбооны Улсын хууль тогтоомж болон Дэлхийн банкны бодлогийн дагуу хийгдсэн гэж үзлээ.

2.Оросын тал: Буриад улсад хийсэн олон нийтийн хэлэлцүүлэг дуусасны дараа 30 хоногийн дотор үнэлгээний сэтгүүлүүд болон саналуудыг Монголын талд хүлээлгэж өгөхөд туслалцаа үзүүлэх

3.Монголын тал: Ажлын даалгаврыг гүйцээн боловсруулахдаа олон нийтийн хэлэлцүүлгийн явцад гарч протоколд тусгагдсан санал, сэтгүүлд гарсан санал, зөвлөмжийг авч үзэх. Үнэлгээний сэтгүүлийг хүлээн авснаас хойш 60 хоногоос хэтрүүлэхгүйгээр олон нийтийн хэлэлцүүлгийн санал зөвлөмжийн дүнгийн илэрхийллийг нийтийн хүртээл болгоно.

Хэлэлцүүлэгийн төгсгөлд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаан-Үд хотноо хэлэлцүүлгийн үг дүнг хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргаж Монголын тал БНБУ-ын талаас хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

 

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа