Мэдээлэл

ЭГИЙН ГОЛЫН ХӨНДИЙД АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ЭХЭЛЛЭЭ

Эгийн голын УЦС төслийн нэгжийн захиалгаар Эгийн голын ай сав газарт хийгдэх Археологийн судалгаа эхэллээ. Судалгааны багт ШУТИС-н Нийгмийн технологийн сургуулийн профессоруудын баг, ШУА-н Археологийн хүрээлэн, МУИС-ийн Улаанбаатар Их сургуулийн Археологийн тэнхим хамтран оролцож байна. Эгийн голын УЦС-ын усан сангийн талбай, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын трасын дагуу хайгуулын судалгаа хийж 500 гаруй түүх, археологийн олдвор илрүүлж тэмдэглэгээ хийжээ. Улмаар 2014 оны 4-р сараас 2 жилийн хугацаанд авран хамгаалах ажлыг хийхээр төлөвлөж байна.

ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Эгийн голын УЦС төслийн талбарт цаг уурын станц, усны харуул байгуулж хамтран ажиллах талаар Цаг уур,орчны шинжилгээний газрын дэд дарга Д.Цээсодоролцоо Байгаль орчин ус цаг уурын мэдээллийн архивын дарга М.Эрдэнэтуяа нартай Эгийн голын УЦС төслийн нэгжийн дэд захирал Г.Золбоо инженер Х.Мягмаржав нар уулзаж ярилцав. Талууд хамтран ажиллах санал нэг байгаа юм.

БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА НАРТ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагууд болох Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Үндэсний аудитын газрын дарга А.Зангад, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нар тус төслийн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Төслийн нэгжийнхэн хийж гүйцэтгэж байгаа ажлаа дэлгэрэнгүй тайлбарлаж, гарсан асуултуудад тодорхой хариултыг өгөв. Эгийн голын УЦС гэж яригдаад 20 гаран жил болж байгаа ч албан ёсоор төслийн нэгж байгуулагдан ажиллаж байгаа нь анхных бөгөөд богино хугацаанд шуурхай, үр дүнтэй ажиллаж байгааг ирсэн зочид хэлж, ажлын амжилт хүслээ.

АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

Хантай багийг нүүлгэн суурьшуулах Байгаль орчны асуудал, газрын харилцааг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо. Булган аймгийн засаг дарга ажлын хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат удирдан явуулав. Эгийн голын УЦС төслийн нэгжийн дэд захирал Г.Золбоо танилцуулга хийж энэ онд хийгдэх ажил болон орон нутагтай холбоотой тулгарч буй асуудлаа танилцуулав. Ажлын хэсэгт орсон Булган аймгийн сум багийн засаг дарга нар орон нутагт байгаа байдлыг танилцуулж хоёр талаасаа санаачлагатай ажиллах, ажлын явцтай холбоотой эрх зүйн бичиг баримтуудыг шат шатандаа хурдан шуурхай шийдвэрлэж энэ төслийг хурдтай явуулах ажлыг хийхээр боллоо. Орон нутаг болон төслийн нэгжээс холбож ажиллах хүн томилж мэдээллийг шуурхай хүргэх цахилгаан дамжуулах агаарын шугам, авто замын ажил, Байгаль орчны болон Археологийн судалгааг энэ онд эхлүүлэхтэй холбогдуулан орон нутаг дэмжиж хамтран ажиллах санал дэвшүүллээ. Ажлын хэсгийн хуралдааныг орон нутаг, төслийн талбар болон аль шаардлагатай газар хийж байхаар болж засгийн газар орон нутгаас дэмжиж буй төслийн ажлыг хурдан шуурхай үр дүнтэй явуулахыг хэлэлцлээ.

ТӨСЛИЙН НЭГЖИД ЗОЧЛОВ

Монгол Улсын Диспетчерийн Үндэсний төвийн дэд дарга бөгөөд ерөнхий диспетчер Г.Балжинням нарын удирдлагын хүмүүс төслийн нэгжид ирж уулзалт хийв. Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийхдээ Г.Балжинням хэрэглээ дээд ачаалалдаа хүрсэн энэ үед том чадлын усан цахилгаан станцын ажил эхэлж байгаа энэ нь нийт системийн хувьд том хэмжээний горимын тохируулга хийхэд гол үүрэг гүйцэтгэх учир хурдан барих шаардлага байгаа. Эгийн голын УЦС ашиглалтанд орсон тохиолдолд нийт эрчим хүчний системийн хувьд эрүүлжиж олон улсын жишигт хүрэхийг онцолж эрчим хүчнийхэн энэ өдрийг олон жил хүлээж байгааг ч хэллээ. Өндөр чадлын Усан цахилгаан станц нь эрчим хүчний системийн аюулгүй найдвартай байдлын баталгаа тохируулагч гол хүчин болдог учир боломжтой бол хэд хэдэн усан цахилгаан станц хэрэгтэйг хэллээ. Монгол улсад сүүлийн үед баригдаж байгаа болон төлөвлөгдөж буй Цахилгаан станцууд нь нүүрснийх, том чадлын Усан цахилгаан станц нь ганцхан Эгийн голын УЦС өөрийн өртгөө богино хугацаанд нөхөхөөс гадна Монгол Улсын эрчим хүчний системийн гол тохируулагч болсноор эдийн засгийн ихээхэн үр ашиг авчрах юм.

Эгийн голын УЦС-ынХАН ТЭЦ-4 СТАНЦТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын эрчим хүчний гол хэрэглээг 4-р Цахилгаан станц хангадаг. Эгийн голын УЦС төслийн нэгжийнхэн энэ станцтай танилцаж уулзалт хийлээ. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж байгаа энэ үед станц хүчин чадлынхаа дээд ачааллаар ажиллаж байна. Оргил ачааллын үед ОХУ-с авдаг цахилгаан эрчим хүчний хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Эгийн голын УЦС ашиглалтад орсон тохиолдолд нийт цахилгаан эрчим хүчний горимын тохируулга хийгдэх боломжтой болж станцын ачаалал хөнгөрч, шөнийн цагт цахилгааны илүүдэл гарах нь багасаж ашигтай ажиллагаа нэмэгдэх талаар уг станцынхан ярьж байна. Төвийн эрчим хүчний системд хамтран ажиллах шаардлагатай хоёр станцынхны уулзалт ажил хэрэгч болж ТЭЦ-4 станцтай танилцаж улмаар олон жил хамтран ажиллах хоёр станцын үйл ажиллагааны эхлэлийг тавилаа.

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

Эгийн голын УЦС төслийн нэгжийн Төслийн удирдах хорооны хурал боллоо. Хуралд төслийн нэгжийн хийсэн ажлын танилцуулга мөн энэ онд хийгдэх замын болон цахилгаан дамжуулах агаарын шугам, Археологи, Байгаль орчин, загасны судалгаа хийх багуудыг танилцуулав. Зөвлөх компаниар ажиллах санал ирүүлсэн гадаадын компаниудын талаар танилцуулж төслийн шаардлагыг хангасан Санхүү, Инженер техник, Байгаль орчны Ерөнхий зөвлөх болон хуулийн зөвлөх компаниудыг шалгаруулав. Мөн төслийн Аудитроор ажиллах компанийг сонгож авто зам, гүүр, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зураг төсөл боловсруулах, судалгаа хийх дотоодын 7 компанийг шалгарууллаа. Төслийн удирдах хороо уг компаниудын талаар танилцаж ярилцсаны үндсэн дээр шаардлага нөхцлийг хангасан компаниудыг шалгаруулав. Төслийн удирдах хорооноос төслийн нэгжийг зөвлөх компанийн сонгон шалгаруулалтын танилцуулга судалгаа сайн хийж үндэслэлтэй санал оруулсаныг сайшаалаа.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын гишүүн, Европын холбооны дэд дарга Ярослав Добрава тэргүүтэй Чехийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Сенатын гишүүн Ярослав Добравагийн хамт Чех-Зүүн Азийн худалдааны танхимын ерөнхийлөгч Милан Клеска оролцов. Чехийн төлөөлөгчид Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж нар, салхи, усны бүхий л эх үүсвэрийг барьж байгуулах боломж, туршлага тус улсын компаниудад байгааг онцлов. Мөн Эгийн голын УЦС-ын төсөлд оролцохоор санал өгч байсан туршлагатайгаа хэлээд уг төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа гэлээ. Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тус улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллаж буй төслүүдийг дурьдаад Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ивана Гороллова Эрчим хүчний сайд М.Сономпилтэй хэдхэн хоногийн өмнө уулзаж Эрдэнэтийн ДЦС-ын шинэчлэлийн ажлын Техник, Эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж буй асуудлаар ярилцсанаа тэмдэглээд энэхүү салбарт цаашдын хамтын ажиллагаа нээлттэй бөгөөд Орхон аймагт усан цэнэгт цахилгаан станц барьж байгуулахад БНЧЦ-ын компаниуд оролцож болохыг хэллээ.

ЗАСАГ ДАРГА ЭРТНИЙ ОЛДВОРОО НЭХЭВ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга Д. Жаргалсайхан тун нэхэл хатуу нэгэн. Өөрийн сумын нутгаас олдсон эртний дайчны 2 хүрэл дуулгыг хайсны эцэст олж өөрийн нүдээр харсан байна. Тус сумын нутгаас олдсон хүннүгийн үеийн булшнаас гарсан дуулганы материал нь одоогийн эрдэнэтийн зэстэй адилхан мөн 2 мм ийн зузаан уран хийцтэй ид насны хүнд багтахаар хийгдсэн нь монголчууд эрт үед чулуунаас металл гарган ахуйн хэрэглээнд ашиглаж технологийн өндөр түвшинд боловсруулж чаддаг байсныг илтгэнэ. Өдөр тутмын сонинд уг дуулгануудыг Франц улсад гарган 8000 ам доллараар зарсан гэсэн мэдээлэл гарснаар эхэлсэн эрэл Эгийн голын УЦС-ын төслийн нэгжийнхэнтэй холбогдож туслалцаа хүссэнээр төслийн нэгжийн зөвлөх доктор Д.Эрдэнэбаатартай уулзаж эрлээ олж сэтгэл хангалуун нутаг буцлаа. Доктор профессор Д.Эрдэнэбаатар Эгийн голын сав газар судалгаа хийж уг дуулгануудыг олсон хүн юм. Үнэ цэнэтэй эртний энэ олдворууд нь ШУА–н Археологийн хүрээлэнд хадгалагдаж байна.

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа