Мэдээлэл

БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАА

Төслийн нэгжийн захирал Д.Одхүү ахалсан ажлын хэсэг Булган аймагт ажиллаа. Булган аймгийн Засаг даргын тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтнуудад төслийн үйл ажиллагаа, явцыг танилцуулж, цаашид аймаг орон нутагтай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулав. Булган аймгийн ард иргэд Монгол Улсын анхны том оврын усан цахилгаан станц нутаг дэвсгэрт нь баригдах болсонд талархал илэрхийлж байсан бөгөөд аймгийн удирдлагын зүгээс төслийн ажлыг бүх талаар дэмжиж ажиллана гэлээ. Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэж, энэ ажлын хэсгээс аймаг орон нутагт хийх ажлын талаар ярилцлаа. Энэ ажлын хэсэгт Булган аймгаас гадна, Орхон аймгийн ЗДТГ-н холбогдох ажилтнууд болон төслийн нэгжийн дэд захирал Байгаль орчин олон нийттэй харилцах албаны дарга нар ажиллахаар боллоо. Мөн төслийн багийнхан Эг-Сэлэнгийн бэлчирт очиж Эрдэнэт хотоос төслийн талбар хүрэх авто зам болон цахилгаан дамжуулах агаарын шугамын трассыг дахин судалж нягтлах ажил хийлээ.

АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Эрчим хүчний яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны холбогдох хүмүүс Эгийн голын УЦС төслийн нэгжтэй танилцлаа. Төслийн нэгжийн захирал Д.Одхүү төслийн явц, үйл ажиллагааны чиглэл, хийж байгаа болон ойрын үед хийх ажлуудыг танилцуулав. Хамтран ажиллаж буй байгууллагуудын хоорондын ажил хэргийн уулзалт хийх, мэдээлэл солилцох нь цаашдын үйл ажиллагаа, хамтарсан зорилтоо биелүүлэхэд тус нэмэр болох юм.

ЭГИЙН ГОЛД АЖИЛЛАВ

Монгол Улсад том оврын усан цахилгаан станц анх удаа барьж байгаатай холбогдуулан төслийн талбарт ус зүй, Байгаль орчин, цаг уурын болон бусад судалгаа тасралтгүй үргэлжлэн хийгдэж байна. Өвлийн усны горимыг судлах ажлын хүрээнд Эгийн голын УЦС төслийн нэгжийн ажлын хэсгийнхэн Эг сэлэнгийн бэлчирт ажиллаа. Усны түвшин, мөсний зузаан, станц барих газраас 2.5 км газрын хэвгийн өөрчлөлт зэргийн хэмжилтийг 4 цэгт хийв. Усан цахилгаан станцын барилгын ажлыг оновчтой зохион байгуулах, зам харилцааны схемийг өнөөгийн нөхцөлтөй уялдуулах чиглэлээр судалгаа хийлээ.

ОЮУТНУУДЫН АНХААРЛЫГ ТАТЖЭЭ

Эгийн голын УЦС төсөл Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн оюутан багш нарын анхаарлыг татжээ. Тус их сургууль дээр Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Миний клуб" нэртэй сайн дурын нэгдэл ажилладаг. Клубийн гишүүд төслийн нэгжид ирж Байгаль орчны чиглэлээр юу хийж байгааг сонирхож, мод шилжүүлэн суулгах ажилд зуны амралтаараа оролцон хамтран ажиллах саналаа илэрхийлэв. Төслийн нэгжийн захирал Д.Одхүү уг төслийг Байгаль орчинд ээлтэй төсөл болох талаар танилцуулж, тэдний саналыг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.

АРХЕОЛОГИЙН ЭРДЭМТЭДТЭЙ УУЛЗАВ

Монголын Шинжлэх ухааны Академийн Археологийн Хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн тэргүүтэй археологийн эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийн нэгж дээр ажлын уулзалт хийв. Эрдэмтэд Усан цахилгаан станцын бүсэд хийсэн 1992-2002 оны Археологийн судалгааг, мөн ирэх 4 жилд хийх ажлаа танилцуулав. Төслийн нэгжийн талаас судалгааны ажлыг хугацаа хожих үүднээс олон багийг зэрэг ажиллуулах, Шинжлэх ухаан технологийн их сургууль болон дээд сургуулиудыг хамран оруулах санал гаргаж судалж үзэхээр боллоо. Мөн олдсон зүйлээр орон нутагт музей байгуулах санал гаргав. Эгийн голын УЦС-ын далан болон усан сан бий болох 900 орчим хуучны олдвор илрүүлэн судалж байна.

ТӨСЛИЙН НЭГЖИЙН ЛОГОНЫ УРАЛДААН ЗАРЛАЛАА

Эгийн голын УЦС төслийн нэгж байгуулагдсантай холбоотойгоор төслийн нэгжийн лого зохиох уралдааныг их сургуулийн оюутнуудын дунд зарлалаа. Уг уралдаанд 20 гаруй бүтээл ирснээс эхний шатанд 5 бүтээлийг сонгон төслийн удирдах хорооны гишүүдээр шүүлгэн уралдааны дүнг тодруулжээ. Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн Интериер дизайны 4-р дамжааны оюутан Б.Шүр-Эрдэнийн ирүүлсэн бүтээлийг сонгож, түүнийг үнэ бүхий зүйлээр шагналаа. Логог дахин засаж сайжруулсанаар батлуулж, уралдааны дүрэм ёсоор шалгарсан бүтээлийг төслийн лого болгон ашиглахаар болов.

ХУТАГ-ӨНДӨР СУМАНД АЖИЛЛАВ

Төслийн нэгжээс Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хүсэлтээр тус суманд очиж төслийн талаар болон орон нутагт хийгдэх ажлын явцыг танилцуулах уулзалт хийв. Сумын иргэдийн төлөөлөгчдийн сонирхлыг татаж буй асуудал нь сум орон нутагт хийгдэх ажлуудыг хамтран шийдэх талаар байлаа.

ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

Эгийн голын УЦС төслийн нэгжээс ажлын хэсэг томилж Эрдэнэт хотоос Эгийн голын УЦС-ын барилга барих газар хүртэл авто зам, дамжуулах агаарын шугамын трассыг тогтоож нягтлах ажлыг хийж гүйцэтгэв. Төслийн хүрээнд 70 орчим километр авто зам, 2 хэлхээ 220 кВ-н цахилгаан дамжуулах агаарын шугамын судалгааг хийлээ.

МОНГОЛЫН ТУЛ САНГИЙНХАНТАЙ АНХНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Байгаль хамгаалах "Монголын тул сан" нь 2003 оноос Эг-Үүрийн голуудын ай сав газраар загасны судалгаа хийсэн туршлагатай, үржүүлэг судалгааны ажлаараа мэргэжлийн түвшинд ажилладаг байгууллага юм. Олон улсын нэртэй эрдэмтэдтэй хамтарч ажилладаг учир үр дүн нь дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг. Эгийн голын УЦС төслийн захирал Д.Одхүү уулзалт амжилттай ажиллахын эхлэл болохыг дурдаад Байгаль хамгаалах "Монголын тул сан"-г төслийн судалгаанд үр дүнтэй хамтран ажиллахыг урилаа. Байгаль хамгаалах "Монголын тул сан" саналыг хүлээн авснаар Эгийн голын УЦС-ын загасны судалгаа үр дүнтэй хэрэгжихэд дөхөм боллоо.

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа