Skip to content Skip to footer

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцож, ЭГУЦС төслийн үнэлгээ, судалгааны ажлын явцыг танилцууллаа 

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган 2026 оны 7 дугаар сарын 19–29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо зохион байгуулагдлаа.

Байгал нуурын Дэлхийн өвийн хадгалалт, хамгаалалттай холбоотой асуудлын хүрээнд тус чуулганд Эрчим хүчний яам, ЮНЕСКО-гийн дэргэдэх Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар, Шинжлэх ухааны академи, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Усны газар, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК болон төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний гүйцэтгэгч “EACC” ХХК-ийн төлөөлөл оролцсон.

Чуулганы үеэр Монгол Улсын төлөөлөгчид Эгийн голын усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явц, Дэлхийн өвийн хорооны 46, 47 дугаар чуулганы шийдвэрийн мөрөөр хэрэгжүүлж буй арга хэмжээ, төслийн талаарх Монгол Улсын эрчим хүчний бодлого, төлөвлөлт, байр суурийг танилцуулж, холбогдох талуудтай санал солилцов.

Мөн Монгол Улсын төлөөлөгчид Олон улсын байгаль хамгаалах холбоо (ОУБХХ)-ны Дэлхийн өвийн асуудал хариуцсан ахлах хөтөлбөрийн зохицуулагч /Senior programme coordinator, World Heritage/ Мизуки Мурай, ахлах хөтөлбөрийн ажилтан Кэти Зишка тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Эгийн голын УЦС төслийн техник, эдийн засгийн үндэслэл, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, Монгол, Оросын хамтарсан экосистемийн судалгааны явц, хоёр улсын хамтын ажиллагаа болон Сэлэнгэ мөрний сав газарт Монгол Улсаас хэрэгжүүлж буй байгаль орчны урт хугацааны мониторингийн ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцов.

ОУБХХ-ны төлөөлөгчид Дэлхийн өвийн хүрээнд нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалын дагуу боловсруулж буй Эгийн голын УЦС төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй судалгааны ажлын явцтай танилцаж, эерэгээр үнэлэв. Мөн төслийн БОННҮ-ний тайлангийн төслийг эцэслэхээс өмнө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн төв болон ОУБХХ-д танилцуулж, санал, зөвлөмж авах нь үр дүнтэй болохыг зөвлөв.

Улмаар Байгал нуурын хадгалалт, хамгаалалтын асуудлыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэхгүй, Дэлхийн өвийн хорооны 49 дүгээр чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.